Өдрийн сонин 9/12/07
УИХ-ын гишүүн З.Энхболд уул уурхайг ашиглах олон арга байдаг гэж ярьдаг. Түүнээс энэ талаар тодруулга авлаа.
-Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд уг ордын 14 хувийг хувь хүмүүс эзэмшиж, үлдсэн 50 хувийг төр, мөн 36 хувийг гадаадын компани хувааж эзэмших гэсэн хувилбар яригдаж байна. Энэ хувилбарын талаар таны саналыг сонсох гэсэн юм.
-Энэ хувилбар хуучин ашигт малтмалын ч шинэ хуулийн ч заалтыг зөрчсөн. Энэ нь хайгуул хийж эрсдэл гаргасан байгууллага ашиглалтын лиценз эзэмшдэг заалт юм. Тэгвэл энэ 14 компани хайгуул хийгээгүй. Уг ордыг улс арав гаруй жилийн хугацаанд зуугаад сая ам.доллар гарздаж байж (одооны ханшаар тэр шүү дээ) илрүүлсэн. Тийм болохоор уг ордыг яаж ашиглах нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал. Энэ эрхээсээ Засгийн газар татгалзаж болохгүй. Одоогийн ашигт малтмалын хууль их хязгаарлагдмал хууль. Энэ нь хайгуул хийнэ. Хайгуул хийсэн компани юм олбол давуу эрхтэйгээр ашиглалтын лиценз авна гэсэн заалттай. Тэгээд хууьд заасан аргаар ашиглана. Мөн бүх төрлийн татвар төлнө. Ашиглаж дуусаад нөхөн төлбөр хийнэ. Ингээд л гүйцээ. өөр гадаадад хэрэглэдэг илүү сайн аргуудыг хэрэглэх сонголт байхгүй. Гадаад улсуудыг ажиглаж байхад хэд хэдэн аргыг сонгож тухайн ордод ямар арга нь тохирохыг нь мэдэж байж ордыг ашигладаг. Нүүрсэн дээр гэхэд АНУ-ын хэрэглэдэг аргаар ашиглабал одоогийн хүндрэлээс гарч болох юм гэж би үздэг. Энд америкчууд LBA гэдэг аргыг хэрэглэдэг. Энэ арга нь Засгийн газрын өмчийн газар доор байгаа баялгийг Засгийн газрын өмч гэж үздэг. Тэгвэл уг ордыг ашиглах гэсэн компаниуд Засгийн газрын мэдлийн нүүрснээс тэдэн тонныг тэдээр худалдаж авъя гэдэг санал тавьдаг. Хэрэв тэнд нь дэд бүтэц байхгүй бол түүнийг байгуулах өртгөө нүүрсний үнэндээ оруулж тооцох гэх мэт. Таван толгойн ордод энэ арга тохирно. Уг ордод дэд бүтэц байхгүй. Тиймээс үүнийг байгуулах зардлаа нүүрсний үнэндээ оруулж тооцоод л нэг тонн нүүрсийг тэдээр худалдаж авна гэсэн үнийн санал хэлдэг байх нь зүйтэй. Энэ маш тохиромжтой арга. Нүүрсээ хэн нэгэнд өгөөд алдчихгүй. Мөнгө нь дор дороо орж ирнэ. Мөн хөрөнгө оруулж уурхай байгуулах зовлонгоос салгах гэх мэт.
-Иймэрхүү нөхцөлийг ашиглахын тулд Ашигт малтмалын хуульд нэмэлт оруулах шаардлага гарах уу?
-Хуульд эдгээр нэмэлтийг хийх хэрэгтэй. Мөн гэрээ хийгээд ашигт малтмалаа олборлуулах арга байдаг. Байгалийн баялгийг газар дээр гаргаж өг, эсвэл борлуулаад мөнгийг нь бидэнд өг гэсэн санаатай гэрээл дээ. Тэр мөнгөнөөс нь зардлыг нь тооцож буцааж өгдөг. Үүнийг гэрээгээр уурхайгаа ашиглуулах арга гэмээр юм уу даа. Мөн дахиад ч нэг арга байна. Баялаг бол манайх. Үүн дээр та нар уурхайгаа байгуул. Үнэ хүчин чадлыг нь тохиръё. Тэгээд үйлдвэрээ ажиллуулаад манайхныг сургаад зуун хувь бэлэн уурхай хүлээлгэж өг гэдэг арга. Энэ олон арга байхад одоогийн ашигт малтмалын хуульд байгаа цорын ганц ашигт малтмалаа ашиглуулах аргаас татгалзах цаг болсон. Яагаад гэвэл ашигт малтмалын орд болгон өөр өөрийн онцлогтой. Дэд бүтцээс хол ч байна, ойр ч байна. Зах зээлийн нөхцөл янз бүр байх, ашиглалтын нөхцөл өөр өөр гэх зэргээр. Энэ болгоныг уян хатан үзэж хамгийн их төрд ашигтай байх хувилбарыг сонгох шаардлага бий болжээ. Тийм учраас ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй.
-Тавантолгойн асуудлыг ярих үед энэ бүх аргыг тал талаас нь хэлэлцэнэ гэсэн үг үү?
-Тавантолгойг ярихаас өмнө Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулчих байх. Тэгэхээр энэ ордод хөрөнгө оруулах гэсэн компаниудын саналыг л судлах ажил үлдэх биз ээ.
-Тэр Тавантолгойг эзэмшиж байгаа 14 компани улсын төсвөөр хийсэн хайгуул орчин үеийн шаардлага хангахгүй хэмээн хэлдэг. Үүнийг та юу гэж үзэж байна?
-Шаардлага хангахгүй гээд тэд өөрсдөө хайгуул хийсэн бол бас ойлгож болох талтай. Тэд нэг ч хайгуул нэмж хийгээгүй. Зүгээр л улсын хийсэн юмыг мэдээллээ ашиглаад өөрсдийн болгоод авчихсан хүмүүс байхгүй юу.
-Уг ордыг хэн ч тоохгүй борлогдохгүй байсан хэмээн тэр эзэмшигч хүмүүс ярьдаг. Бараг хориод жил Эдийн засгийн хамтран туслах гэрээний орнууд үүнийг тоогоогүй. Бид л эх оронч сэтгэл гарган энэ ордыг авч үлдэж чадсан хэмээцгээдэг.
-Тэр үед яагаад борлогдохгүй байсныг мэдэх үү. Хятад Эдийн засгийн хамтран туслалцах гэрээний орон биш байсан. Уг ордыг тэр үед ашиглаж эхэлсэн бол зөвхөн хойш нь зөөх нь мэдээж. Хойшоо зөөгөөд Европын орнуудад хүргэхэд дэндүү өндөр зардал гарч байсан. Одоо Тавантолгойд ямар боломж бий болсон гэхээр урагш 250-хан км зөөгөөд зах зээлдээ хүрч байна. Тийм учраас л энэ орд үнэ цэнэтэй байна. Хуучин шиг урд хил хаалттай байгаа бол ялгаагүй л хэн ч тоохгүй орд байх байсан. Хятад дэлхий дээрх бүх түүхий эдийг сайн үнээр худалдан авч байна. Бид яагаад үүнээс хоцрох ёстой гэж.
-Тавантолгойг хувьцаа хэлбэрээр хүн болгонд хишиг хүртээх санал гараад байдаг. Энэ талаар таны бодол ямар байдаг вэ?
-Тавантолгой одоо байгаагаараа ямар нэгэн хөрөнгө биш. Газар доор байгаа баялаг нь төрийн мэдлийнх ч тэр нь зах зээл дээр гараагүй байна. Зах зээлд гарч байж л энэ үнэ цэнэтэй болно. Газар доор байгаа нүүрсэнд хэн ч мөнгө өгөхгүй. Үнэ цэнэтэй болсон хойно нь харин ард түмэнд хувьцаа хэлбэрээр тарааж өгөх үү. Сан байгуулж ард түмнээ боловсролтой болгох уу гэсэн бодлогоо ярина биз ээ. Эхлээд шаардлагатай дэд бүтцийг байгуулж нүүрсээ зарж ашиг болгох нь чухал. Хэзээ бодитой мөнгө орж ирэх нь чухал болохоос сайхан сайхан үлгэр ярих нь надад сонин биш. Миний түрүүний ярьсан LBA гэдэг арга энэ Тавантолгойд хамгийн сайн тохирч байгаа юм. Тэнд компани ажиллаж эхлээгүй байсан ч газар доор байгаа нүүрсэнд мөнгөө өгөөд эхэлдэг.
-Улсын төсвөөс хайгуул хийгдсэн орд газар олон байдаг уу. Ер нь орд газарт төр хувь эзэмших нь ашигтай юу?
-Энэ хоёр янз л даа. Ашиглаж эхэлсэн орд, ашиглаагүй орд газрууд гэж бий. Ашиглаж эхэлсэн ордууд улсын төсвөөс хайгуулд гаргасан зардлыг эргүүлж төлөөд л явж байгаа. Ер нь төр татвараа аваад л явж байх нь хамгийн сайн арга гэж би боддог. Төр ямар нэг хувь хөрөнгө оруулаад эхэлбэл эрсдэл үүрч эхэлнэ шүү дээ. Оюутолгойн төрийн мэдлийн хувийг би чухал биш гэж боддог. Үүний оронд татвараа аваад л явж байх нь чухал. Тэр 68 хувийн татвар зэсийн үнэ өнөөдрийнх шиг байвал таван тэрбум ам.доллар олно. Тэгвэл уурхайн хувь авсан тохиолдолд тэр уурхайгаас нэг тэрбум гаруй ам. доллар авахаа болино гэсэн үг. Тэгэхээр нэг нь мөнгө авах, нөгөө нь мөнгө зарцуулах чиглэл юм. Явж явж уурхай бидний зорилго биш. Уурхай дуусах үед амьдрах чадвартай иргэдтэй үлдэх нь бидний зорилго. Надад 34 хувийг авах уу, татвараа авах уу гэсэн сонголт ирэхэд би татварыг нь сонгоно.
-Танд ашигт малтмалын талаар өөр нэмж хэлэх зүйл юу байна?
-Биднийг ард түмэн харж байна. Ашигт малтмалаар баяжина хэмээн олон жил ярилаа. Эрдэнэтийг ашиглалтад оруулахад монголчуудын амьдрал хоёр дахин сайжирна гэж хэлж байсан. Тэгээгүй гэдгийг бид мэднэ. Эрдэнэтийг тойрсон хэдэн дарга нарын амьдрал л сайжирсан. Ийм юм болгохгүйн тулд уул уурхайтай холбоотой бүх мэдээллийг ил тод болгох ёстой юм. Ямар бүтээгдэхүүн зарж байна. Ямар татвар төлж байна гэх зэрэг. Үүнийг ил болгох эхлэлийг ашигт малтмалын хуульд заачихсан байгаа. Байгалийн баялаг бол ард түмний өмч. Түүнийг ашиглаж байгаа хүмүүс хуульд захирагдах ёстой. Татвартаа мөнгө өгөх ёстой. Ил тод байдлын санаачилга гэдэг байгууллагаас 395 ашигт малтмалын лицензтэй компаниас 193 нь огт татвар төлөөгүй гэсэн дүн гарсан. 83 нь нэг сая хүртэлх төгрөгийн татвар, 76 нь саяас дээш төгрөгийн татвар төлсөн дүн байна. Татвар төлөөгүй компанийг хаах хэрэгтэй. Хэдхэн том уурхайг ажиллуулахад хангалттай. Одоо ер нь улаан шугам татах хэрэгтэй. Байгаль орчноо эхэлж бодохгүй бол болохоо байж байна. 70-80 кг алтны нөөцтэй орд байгаль орчноо нөхөн сэргээх зардал гаргаж чаддаггүй юм билээ. 200 кг-аас доош нөөцтэй алтны ордод лиценз өгөхөө больж байгаа. Тийм учраас уул уурхайд хандах хандлагаа төр өөрчлөх хэрэгтэй. Бид илүү их санаачилгатай анхаарал тавьж ард түмний хяналтад оруулахгүй бол лиценз өгдөг сайд дарга нар дураараа дургиж дууссан байна.
-Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээн дээр түрүүний бидний ярилцсан шиг сонголтууд гарах уу?
-Татвараа л төл гэж шаардаж байна. Бүх төрлийн татвар төл, тэгээд л болно.
-Төрийн оролцоог нэмэгдүүлэх гэх зэрэг зүйл яригдаад байгаа тэр хамаагүй гэж үү?
-Хувь оролцооны цаана үргэлж мөнгө төлөх үүрэг явагдаж байдаг болохоор би хувьдаа хэрэггүй хэмээн бодож байна. Тэр уурхайд өгөх мөнгө бидэнд байхгүй
-Тавантолгойн хувьд гол бодлогыг Засгийн газар барина гэсэн үг үү?
-Засгийн газар тэр ордыг зуун хувь эзэмшдэг эзний хувьд хамгийн ашигтай хэлэлцээрийг хийх ёстой. Гэхдээ өнөөдрийн хуульд баригдаж болохгүй. Миний хэлээд байгаа гурав, дөрвөн хувилбарыг хэрэглэх нь зүйтэй.
-Таны энэ хувилбар дэмжлэг авах болов уу?
-Одооны хувилбар дэмжлэг авахгүй байгаа учир миний санал дэмжигдэнэ гэж бодож байна.
Жамбалын Сандагдорж
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment