Tuesday, September 18, 2007

МАХН Ерөнхий сайдаараа тоглочихлоо

Өнөөдөр сонин 9/15/07

Ерөнхий сайд гурван сайдад хариуцлага тооцох саналаа эгүүлэн татлаа. Үүнийг Та юу гэж үзэж байна вэ?

-Л.Гүндалай гишүүн Б.Жаргайлсайханыг огцруулах тухай саналаа татаж авъя гэхэд Ц.Нямдорж дарга “Тийм юм байхгүй. Санал гаргасан л бол бандан тас” гээд алхаа цохиж байсан шүү дээ. Үнэн юм бол энэ. Гэтэл одоо тэрбээр шал өөр юм ярьж, нэг суурин дээрээ хоёр холбироод байна. Дэгийн тухай хуульд зөвхөн хуулийн төслийг хэлэлцүүлгийн аль ч шатанд татаж болохыг зааснаас биш тогтоомж, тогтоол гэсэн үг байхгүй. Мөн сайдыг огцруулах, томилох, чөлөөлөх асуудал хууль хэлэлцэхээс өөр дэгтэй. Ерөнхий сайд намын бүлгийнхээ саналаар хууль бус алхам хийсэн. МАХН дотоод зөрчлөө даван туулахын тулд Ерөнхий сайдаараа ийм юм хийлгэж, хүний өмнө нүүр хийх газаргүй болгож байна. Тэд М.Энхболдоор зүгээр л тоглоод хаячихлаа. Энэ шийдвэрээс болж олон нийтийн өмнө МАХН-ын бүлэг ч, Ерөнхий сайд ч адилхан оноо алдсан.

Хэвлэлээс харахад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ерөнхий сайдыг гэмт хэрэгт холбоотойг үгүйсгэхгүй байсан. Гэтэл одоо прокуророос нөгөө гурван гишүүнийг хэрэгт холбогдолгүй гэж үзсэн тухай мэдээлж байна. Дөрвөн сайдыг огцруулалгүй саналаа татсаны хариуг прокурор барьж буй хэрэг. Тэд чинь 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаа авчихсан. Ер нь МАХН-ынхныг гаднаас нь хараад өрөвдөж байна, хэцүү л байгаа бололтой.

-Гэхдээ Ерөнхий сайд огцруулах үндэслэлээ тодруулаад намрын чуулганаар дахин оруулж ирнэ гэж байгаа.

-Хариуцлагын олон төрөл бий. Ямар нэг шалтгаан тоочихгүйгээр “Чи ажлаа хийж чадахгүй байна, баяртай” гэх нь улс төрийн хариуцлага. Ерөнхий сайдад тухайн сайд таалагдахгүй, эсвэл өглөө тааралдаад мэндлээгүй нь огцруулах үндэслэл байж болно. Уг нь МИ-8 нисдэг тэрэг осолдож, 15 хүн амиа алдсан байхад холбогдох сайд нарыг огцруулах асуудлаа УИХ-д оруулаад, яам, агентлагийн дарга нарт Засгийн газар өөрөө хариуцлага тооцох ёстой. Бас дахин ийм асуудал гаргахгүйн тулд ямар арга хэмжээ авснаа УИХ-д тайлагнадаг байх учиртай. Гэвч тэгсэнгүй. Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаяр чөлөөлөгдөх өргөдлөө өгч байсныг эс тооцвол одоогоор нэг ч хүнд хариуцлага тооцоогүй байна. Хэрэв тухайн хүн ажилдаа хайнга хандсанаас болж онгоц сүйрсэн бол цаашаа эрүүгийн хариуцлага ярина. Бас иргэний, мэргэжлийн хариуцлага ч бий. Энэ олон хариуцлагыг хольчихоод, дараа нь тэр шалтаг буруу байж, саналаа татлаа гэдэг нь үнэн санаагаа далдалсан л үйлдэл.

-МИ-8 нисдэг тэрэгний ослын шалтгааныг тогтоох Ажлын хэсгийн дүгнэлт ОБЕГ, салбарын сайдыг буруутгасан хэлбэрээр гарсан гэдэгтэй санал нийлэх үү?

-Энэ чинь зөвхөн ОБЕГ-т хамаарахгүй. Холбогдох байгууллагууд хоорондоо уялдаатай ажиллаж чаддаггүйн нэг баталгаа нь осол. ОБЕГ, ХХЕГ хоёр онгоц нь хөөрмөгц л ИНЕГ-т найдчихсан. Гэтэл нөгөөх нь хянаагүй. Харин одоо бие бие рүүгээ буруугаа чихэж байна. Түрүүчийнхээ хүмүүст хариуцлага тооцож чадахгүй, цаашид ямар арга хэмжээ авах нь ч тодорхойгүй бараг хоёр сар боллоо. Дэндүү удаан байна.

-С.Отгонбаярын өргөдлийг цаг алдалгүй шийдэж чадаагүй болохоор УИХ ч үүнд буруутай юм биш үү?

-УИХ-ын алдаа байсан байж магадгүй. Гэхдээ АН энэ алдааг нь хуваалцахад хэцүү. Бид хариуцлага тооцъё гээд л хуралдаад байгаа. Хамгийн гол нь олонхийг бүрдүүлдэг МАХН, бусад намд байна. Бид завсарлуулахгүй гэсэн ч тэд захирамжаа гаргаад, амраад явчихлаа. Тэгэхээр дагахаас өөр аргагүй шүү дээ.

-МАХН-д чуулганыг түр завсарлуулаад үүсгэсэн бужигнаанаа цэгцлэх цаг хэрэгтэй байжээ гэвэл хүлээн зөвшөөрөх үү?

-Зөвшөөрнө. Дархан-Уул аймгийн Хонгор сумын асуудал, Ипотек, “Нинжа” нарын хууль гэх мэт олон асуудал байгаа учраас завсарлах хэрэг байна уу гэдгийг сануулсан. Заавал одоо завсарлаж, 24-нөөс эхэлж хуралдах гэсэн нь дотроо учраа олох, цаг авах гэсэн арга гэж таамаглаж байна.

-Спикер тэргүүтэй төлөөлөгчдийн сууж явсан онгоц ослын буулт хийсэн нь санамсаргүй хэрэг биш гэж АН-ын зөвлөл үзсэн. Энэ асуудлаар ТЕГ-т хандана гэсэн юу болов?

-Бид ТЕГ-т хандсан, хариу өгөх байх. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг гурилдаад л өнгөрсөн. ИНЕГ-ыг буруугүй гэсэн байна. Онгоцны дугуйг хэзээ, хаанаас авчирсан, нисэх зурваст ан цав гарсан уу, эсвэл гадны нөлөө байна уу гэх мэт олон зүйлийг судлах шаардлагатай. Тэр дугуйг “Изинис” компанийн нисгэгчид буцаж явахдаа олж харсан гэсэн. Тэр дор нь тухайн газрыг тусгаарлаад юунаас болсныг тогтоох ёстой байтал шүүрдээд хэргийн ул мөрийг устгачихсан байна. Хэргийн баримтыг устгасан нь бас л гэмт хэрэг шүү дээ.

Энэ мэт ноцтой асуудал ИНЕГ-т бий. Бид лхагва гаригт зөвлөлийнхөө хурлаар энэ талаар хэлэлцээд ИНЕГ-ын даргыг огцруулах бичгийг Ерөнхий сайдад өгсөн. С.Батмөнх тус байгууллагын дарга болсноос хойш хэчнээн осол болсныг зүгээр л жагсаагаад бичихэд олон хуудас болж байна. Урд нь хэзээ ч ийм юм болж байгаагүй. С.Батмөнхийг зургаан сарын хугацаагаар түр томилсон юм билээ. Гэтэл нэг жил болчихож. Засгийн газар ийм хариуцлагатай албанд хариуцлагатай хүн томилж, тогтвортой ажиллуулах талаар бодох хэрэгтэй. С.Батмөнхийн дор ажилладаг мэргэжилтнүүд даргынхаа зөв байсан гэсэн тайлан бичээд УИХ-ын ажлын хэсэгт авчирсан. Тэднээс бодитой, мэргэжлийн дүгнэлт гарах найдлага байхгүй.
Тиймээс АН-ын зөвлөл “Хэрэв ИНЕГ, ТЕГ-ын хэлснээр туршилтын нислэгээ хийчихсэн, манаж хоносон юм бол санаатай байсан байж магадгүй” гэж үзээд шалтгааныг тогтоох хүсэлтээ ТЕГ-т тавьсан юм.

-Ц.Цэнгэл сайд үүнийг “Байдаг л зүйл” гэж тайлбарлаж байна лээ.

-Онгоцны далавчны хаалтыг 300 мянган ам.доллараар засуулах гэж байна шүү дээ. Энэ бол байдаг л зүйл биш. Ц.Цэнгэлээс ер нь хариуцлагатай, ухаантай үг гарна гэж бодох хэрэггүй. Галт тэрэгний хоёр толгой мөргөлдөж, гурван хүн нас барчихаад байхад л “Би огцрохгүй” гэж нүүрээ улайлгасаар үлдсэн биз дээ.

-МАХН дахь олон фракц, бүлэг хоорондоо зөрчилдөж, энэ нь төрийн хямралаар илэрлээ гэдэг. Тэгвэл АН-д ч бүлэг, фракц бий биз дээ?

-Бид үүнийг хэзээ ч үгүйсгэж байгаагүй. Нийгэмд олон янзын сонирхлын бүлэг байдагтай адил намд бас байх нь муу биш. Харин фракцаараа хэт ялгарч, хэвийн хэмжээнээс хэтэрвэл муу. АН үүн дээр алдаж, оносон, сургамж авсан учраас одоо бидэнд асуудал байхгүй. МАХН харин бүлэг, фракцтай байж үзээгүй учраас цочирдоод, дарах гэж зүтгээд байна. Тэр фракцынх нь тэмцэл төрийн ажилд нөлөөлж буй бол хэмжээнээсээ хэтэрсэн гэсэн үг. Нам, төрийн ажил тусдаа. Гэтэл нийслэлийн Засаг даргыг огцруулах бичиг өргөн барьж, НИТХ-ын дарга нь хүлээж аваад л. Ийм зүйлд хүргэхгүй л байх ёстой.

-Таван толгой, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудал намрын чуулган хүртэл хойшлоод байна. Та үүнтэй холбоотой хуулийн төсөл боловсруулж байгаа гэл үү?

-Би альтернатив хуулиудын төсөл оруулах гэж байгаа. Одоогийн манай Ашигт малтмалын тухай хуульд тухайн ордыг улс, эсвэл компани нээсэн ч бай лицензээ авдаг ганц л арга, сонголт байна. Тиймээс дахин хэд хэдэн сонголт бий болгоё гэсэн юм. Монтенегро улсын хуулийг хуулж байгаа. Орчуулгаа арай дуусаагүй байна. Тухайлбал, LBA гэдэг аргыг АНУ-ын Засгийн газар нүүрсний уурхайдаа ашигладаг. Улсын өмчийн газар дор байгаа баялгийн нөөцийг тухайн компани өөрөө тогтоогоод хэдэн сая тонныг, ямар үнээр, хэзээ худалдаж авах талаараа өргөдөл бөглөөд түрээслэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, газар дорх нүүрсийг ил гаргалгүйгээр худалдаж авна. Энэ арга Таван толгойн ордод тохирно. Мөн гэрээ хийх, орд дээрээ уурхай байгуулж, төмөр зам татуулаад зардлыг нь нүүрснээсээ төлөх гэх мэт арга байна. Энэ бол дэлхийд түгээмэл ашигладаг аргууд. Эдгээр аргыг хэрэглэснээр уурхай ашиглах эрх нь лиценз эзэмшигчийн гарт төвлөрдгийг болиулж, улс илүү хяналт тавих боломжтой.

-Төрийн өндөр албан тушаалтнуудаас авсан хөрөнгө орлогын мэдүүлэгт таныг зарим хөрөнгөө бичилгүй нуусан гэх мэдээлэл цацагдсан.

-Есөн давхар байшин, машин зэргээ нуусан гэж бичсэн. Энэ хөрөнгө миний 100 хувийн өмч болох “Интер” компанийн балансад харьяалагддаг. Үүнд хамаардаг бүх хөрөнгийг задалж бичих хуулийн заалт байхгүй, боломж үгүй. Ямар компанитай, эсвэл тухайн компаниас хэдэн хувь эзэмшдэгээ дурдахаас доторх хөрөнгийг сонирхохгүй гэсэн олон улсын жишгийг л бид энэ хуульд барьсан.

-Хаврын чуулган түр завсарлах хугацаанд гишүүд гадаадын уурхайнуудаар явна гэсэн байх аа. Хаагуур, хэчнээн гишүүн явах юм бэ?

-Одоо хаагуур явах талаар гишүүдээс саналыг нь авч байна. АНУ дахь LBA аргыг ашиглаж буй дэлхийн томоохон уурхайд очиж, энэ аргыг хэрхэн хэрэглэж байгааг нь судлах санал өгсөн. Ашигт малтмалын хуульд уялдуулж хэрэглэж болох ямар аргууд байгааг судлах зорилготой юм. Гишүүд өөрсдөө хүсвэл явж болно. УИХ-аас энэ ажилд зориулан 200 сая төгрөгийн төсөв гаргасан.


С.Туул

7 comments:

The knowledge is power... said...

1. 30 nastai TURIIN UMCHIIN HOROONII DARGA HIIH YAMAR BAISAN BE?

2. Ta Amerik-t surahdaa yamar zardlaar sursan be?

3. Ta er ni her bayan hun be? Avilga avahguigeer amidarch chaddag uu?

Barimalch said...

Za uls torchidoos turuulj blog neej "irgen ter" gedgee haruulah alham hiisend bayar hurgey!

gegeen said...

am tsagaan hulgana jiliin sar shiniin mend devshuulj sanasandaa hurch, sarvaisnaa avah boltugai gej yerooye.

mind said...

taniig jinhene setgeleesee MONGOLCHUUDIINHAA TULUU ulam ih hiij buteehiig husye.

adilhan Pink Floyd iin fan yum baina

Мика /美香/ said...

Tanitai neg uulzmaar bna. Zunduu ih sanal tavisan bolovch neg ch udaa huleej avsangui... Magadgui ta ih zavgui hun bh.

www.vip76.mn
http://mikarito.blogspot.com

М.Огоо said...

Ulstoriinhon dotroos hamgiin anh blog neej bsan hun maani yagaad uuniigee shinechlehgui tag zogschihov oo. Ta chini ug ni hamgiin turuund zaluuchuudtaigaa yavj bdag hun songuuli dohson ene ued suraggui alga bolchih ym. Tanai orsoldogchid ene oron zaid ali hezeenees garaad ehelchihsen bna sh dee?

ZOLBIN HARKHUU said...

http://independence.blog.banjig.net

tand hervee tsag gardag bol iishee orood haraach gej huseh gesen yum oo

Odroo saihan ongoroogeerei