Friday, April 27, 2007

Өнөөдрийн Монгол сонин 2007.04.25


З.ЭНХБОЛД: САЙД ОГЦРУУЛАХ СОНИН БИШ БОЛОО БИЗ ДЭЭ.

УИХ дахь АН-ын зөвлөлийнхөн, УИХ-ын гишүүн, Түлш эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат огцруулах санал оруулах тухай дүгнэлт гаргасан. Уг саналаа хэзээ өргөн барих гэж байгаа, ямар үндэслэлээр түүнийг огцруулах болсон талаар УИХ-ын гишүүн З.Энхболдоос тодрууллаа.

-АН-ын зөвлөл Б.Эрдэнэбат сайдыг огцруулах саналаа хэзээ өргөн барих вэ?
-Л.Гансүх даргаас асуу. Бид ярих эрхээ хасуулчихсан байгаа.

-Тэгэхээр зөвлөл дотроо ярилцсан зүйл байгаа биз дээ?
-Ямар ч байсан энэ долоо хоногт өргөн барих байх.

-Одоогоор зөвлөлийн 21 гишүүн огцруулах саналыг дэмжсэн гарын үсгээ зурсан. Ганц, хоёр гишүүн л дутуу байгаа гэх юм?
-Д.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан, Б.Батбаатар нарын гишүүд гадагшаа явсан учраас гарын үсгээ зураагүй байгаа.

-Бусад намынхан ямар байр суурьтай байгааг сонирхсон уу?
-Мэдэхгүй. Ер нь сайд огцруулах сонин биш болоо биз дээ. Байдаг л зүйл.

-Ажлын хэсгийн дүгнэлт юу гэж гарав. Тэр нь сайдыг огцруулах хангалттай үндэслэл болж чадах уу?
-Малчин өрхүүдэд нарны зай өгөлгүй 2 жил болсон нь түүнийг огцруулах хангалттай үндэслэл юм. Өнгөрсөн 2005 оны 12-р сард нарны зай авах төсөв баталж өгсөн. Тэгэхлээр нь би тойрогтоо очоод “Та нар удахгүй гэрэлтэй болно” гээд хэлчихсэн чинь өнөөдрийг хүртэл байдаггүй. Хотын гэрэлтэй хүмүүс хөдөөгийн иргэдийн зовлонг ойлгохгүй л дээ. Хөдөөд нарны гэрэлтэй, гэрэлгүй айлууд байна. Гэрэлтэй айлуудын амьдрал эрс өөр. Телевиз үзээд улс оронд болж байгаа мэдээ, мэдээллийг авч байхад гэрэлгүй хүмүүс таг харанхуй байна. Тиймээс гэрэлтэй болох нь малчин өрхүүдийн нэг номерын асуудал юм.

-Хэдэн төгрөг баталж өгсөн юм бэ. Тэр мөнгө нь юунд зарцуулагдсан юм бол?
-Найман тэрбум төгрөг баталж өгсөн. Тэгээд ч бид өнөөдөр худалч нэр зүүлээ. Тойргийнхон нөгөө гэрэл хаана байна гэхээр байгаа гээд л. Ерөнхий сайдыг хүртэл худлаа яриулж байна. Эрдэнэбат чуулган дээр хэлэхдээ 4000 гэрэл ачуулж байгаа гэсэн нь хаана байна. Цааш нь яривал зөндөө л юм байгаа байх.

-Тендерээ хүчингүй болгосон гэсэн, юунаас болсон нь тогтоогдсон уу?
-Тендерт ялсан компани нь үүнийг гүйцэтгэх чадваргүй байсан гэсэн. Гоо сайхан...юу юуны билээ хоёр гурван компани нийлж консорциум болоод л орсон юм билээ. Тэгээд найман тэрбум төгрөгийн 30 хувь болох хоёр тэрбум 270 сая төгрөгийг солонгосын компанид шилжүүлчихсэн байж байгаад буцаагаад авчихсан. Та нар хийж чадахгүй юм байна гээд. Хөрөнгө мөнгөний хувьд алдагдал байхгүй ч гэрэлтэй болох ёстой 50 мянган малчин өрх харанхуй хэвээр байна гэдэг харамсалтай. Улсын төсвийн мөнгө бол хууль. Тэр мөнгөөр тухайн жилд зассан юмыг нь авах ёстой. Бид Б.Эрдэнэбат сайдыг нэг удаа харж үзээд 2007 он хүртэл хугацаа өгсөн боловч ямар ч үр дүн гарсангүй. Одоо энэ мөнгө гэрэл болно гэдэг итгэл найдвар тасарлаа.

-Өнгөрсөн долоо хоногт Б.Эрдэнэбат сайд зөвлөлийн хуралд оролцохдоо юу ярьсан бэ?
-Хийж байгаа зүйлүүдээ, мөн тендерээ хүчингүй болгосноо л ярьсан. Өөр зүйл яриагүй.

-Тендерийг дахин зарлах боломжтой юу?
-Дахин зарлах итгэл байхгүй болсон. Тиймээс хүнээ солиод үзвэл гэрэлтэй болох болов уу гэж бодож байгаа.

-УИХ-ын гишүүнээс нь татгалзуулж байгаад асуудлыг нь шийдэх гэнэ гэсэн яриа гараад байна. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Бид тийм зүйл яриагүй. Гэрэлтэй болохын тулд юм хийдэг сайд байх ёстой гэж үзсэн. Б.Эрдэнэбат сайд юу ч хийж чадахгүй нь харагдлаа.

-Ер нь Б.Эрдэнэбат сайд Түлш эрчим хүчний яамыг толгойлж байх хугацаандаа ямар ажил амжуулсан бол?
-Үүнийг өөрөөс нь асуу. Улсын төсвийн хуваарилсан мөнгөөр л юм авч чадсангүй шүү дээ. Өөрөө шинээр юм сэдэж, хийж чаддаггүй юм аа гэхэд УИХ-с өгсөн үүргийг биелүүлээгүй хүн дээ.

No comments: